Хагалгаагаар төрөх – Кесар мэс засал

Төрөх замаар төрөх (үтрээгээр) нь эх болон урагт эрсдэл учруулж болзошгүй үед кесар хагалгааны тусламжтай төрүүлдэг. Хэвлийг нээж улмаар умайд зүслэг хийж ураг, ихсийг төрүүлдэг. Ихэвчлэн нугасаар мэдээ алдуулалтыг хийх ба эх хүүхдээ төрөхийг харж, уйлахыг сонсох ба нярайн эмч болон сувилагч дөнгөж төрсөн нярайд үзлэг хийж, эхэд танилцуулж хүүхдийг мэс засал дуусах хүртэл хянадаг.

Төлөвлөгөөт мэс засал

Жирэмсний хяналтын сүүлийн хоногуудад яаж төрөх талаар ярилцаж эхэлдэг. Эмчлэгч эмч эх болон ургийн нөхцөл байдалд үнэлгээг өгч шаардлагатай тохиолдолд кесар хагалгааг төлөвлөдөг.

Яаралтай мэс засал

Төрөлтийг төрөх замаар төрүүлэхээр төлөвлөж байсан ч яаралтай арга хэмжээ авч төрөлтийг шийдвэрлэхгүй бол эх болон ургийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах магадлал өндөр үед мэс заслыг яаралтай хийдэг.

Яагаад мэс засал хийдэг вэ?

  • Төрөлт саатах: Мэс засал хийх түгээмэл шалтгаануудын нэг бөгөөд умайн базлалт хангалттай байгаа хэдий ч умайн хүзүү (савны амсар) нээгдэхгүй байх үед төрөлтийн үйл явц саатдаг.
  • Ургийн бүтэлт: Эмч, эх баригч нөр төрөлтийн явцад ургийн зүрхний цохилтыг тогтмол хянах ба ургийн бүтэлтийн шинж тэмдэг илэрвэл мэс заслаар төрүүлэх сонголтыг хийдэг.
  • Ургийн байрлал буруу байх: Хөл, өгзөг хэсгээрээ түрүүлсэн эсвэл хөндлөн байрлалтай үед мэс засал нь төрөлтийг шийдвэрлэх аюул багатай сонголтод зүй ёсоор тооцогддог.
  • Ихэр жирэмслэлт: Эхний хүүхдийн байрлал буруу үед мэс заслаар төрөлтийг шийдвэрлэх нь түгээмэл.
  • Ихэсийн асуудал: Ихэс доор байрласан эсвэл умайн хүзүүг тал болон бүтэн таглаж байрласан үед мэс заслаар төрүүлдэг.
  • Хүй унжих: Хүй унжих нь ургийн амь насанд шууд эрсдэл учруулдаг тул мэс заслаар төрүүлдэг.
  • Эрүүл мэндийн асуудал: Эх эрүүл мэндийн хүнд асуудлуудтай (зүрх, тархи, элэг гэх мэт) мөн идэвхтэй вирусийн (ХДХВ-ДОХ, элэгний вирус гэх мэт) халдвартай үед эрсдэлийг багасгах зорилгоор мэс заслаар төрүүлдэг.
  • Механик саад: Төрөх замд том хэмжээний булчингийн зангилаат үүсгэвэртэй, аарцаг ясандаа өөрчлөлттэй, гэмтэл бэртэл авч байсан, эсвэл хэт том жинтэй ураг байгаа үед мэс заслаар төрүүлдэг.
  • Өмнө нь кесар мэс заслаар төрсөн: Умайн сорвижилт өөрчлөлт өмнөх мэс заслын улмаас бий болсон бол дахин мэс заслаар төрөх магадлал өндөр байдаг. Гэвч эмэгтэйн төрөлт хоорондын хугацаа болон бусад зүйлсийг харгалзан үзэж эмчлэгч эмч шийдвэрийг гаргана.

Хамгийн гол нь кесар мэс заслыг хувь хүний сонголтоор хийдэггүй зөвхөн эх болон ургийг эрсдэлээс хамгаалахын тулд хийх нь зүйтэй гэдгийг анхаараарай. Мөн мэс засал нь өөрөө эрсдэл бөгөөд төрсний дараах үе ч өөрөө төрснөөс илүүтэй төвөгтэй (шарх эдгэх, сүү орох гэх мэт) байдаг.

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан