Хоол хүнс батганы шалтгаан болдог уу?

Батга гарахаар “яг хоолноос боллоо” гэж боддог уу? Яг тэр шоколаднаас болсон байх, өчигдрийн тостой пицца!

Мэдээж амьдралын хэв маяг бидний арьсны эрүүл мэндэд чухал үүрэгтэй нь эргэлзээгүй ч, батга гарахад хоол хүнс маш бага хамааралтай байдаг байна. Түргэн хоол, муу хүнс хэрэглэдэг хэр нь цэвэрхэн арьстай нэгэн байдаг л биз дээ, түүний эсрэг хоол хүнсэндээ байнга анхаардаг ч байнга л батгатай явдаг танил танд байгаа л байх. Хар батга, цагаан батга, үрэвсэлтэй батга гарахад нас, даавар, генетик, стресс, бидний арьсны төрөл, эрүүл мэндийн байдал, эм, бактери, ариун цэвэр болон бусад олон хүчин зүйл нөлөөлдөг байж болно.

Шинжлэх ухааны зарим судалгаанаас харахад батгашилтай хүмүүст нэмж батга гарахад хүнсний 2 бүтээгдэхүүн оролцож байна гэж үзэж байна.

Гликемийн индекс өндөртэй хоолны дэглэм (A high glycemic index diet). Энгийн нүүрс усаар баялаг хүнс. Үүнд: цусны сахрыг түргэн нэмэгдүүлдэг бүтээгдэхүүн орно. Эдгээр нь батга ихэсгэж болдог байна. Учир нь нүүрс ус өндөртэй хүнс нь Инсулин төст өсөлтийн хүчин зүйл-1-ийг (IGF-1) ихэсгэж, идэвхжүүлснээр, батга үүсэлтийг нэмэгдүүлдэг даавар (androgen) болон арьсны тослог (sebum) үүсэлтийг аль алиныг идэвхжүүлдэг байна. Үүний эсрэгээр гликемийн индекс багатай хүнс хэрэглэснээр батгашилт багасаж буйг үзүүлсэн хэд хэдэн жижиг судалгаанууд байна.

Сүү сүүн бүтээгдэхүүний илүүдэл, ялангуяа тослог багатай сүүн бүтээгдэхүүн эсвэл шар сүүний уураг. Америкийн арьсны эмч нарын академийн сэтгүүлээс саяхан хийсэн судалгаагаар сүүн бүтээгдэхүүн нь зарим хүмүүст, тэр дундаа өсвөр насныхны батгыг улам ихэсгэж болзошгүй гэж үзсэн байна. Энэ нь байгалийн гаралтай сүүнд байдаг гормонууд ба био идэвхт молекулууд (жишээ нь IGF-1, глюкокортикоидууд, TGF-b) нь тосны булчирхайн үйл ажиллагааг ихэсгэх, арьсны нүх сүв бөглөхөд нөлөөлж байна гэж үзжээ. Тослог багатай сүүн бүтээгдэхүүн нь тослог ихтэй сүүнээс илүү батга үүсгэдэг бололтой. Сүүний тослогийг бууруулах процесс нь IGF-1-ийг ихэсгэдэг сүүнд агуулагдах хэсгүүдийг нэмэгдүүлж өгдөгтэй холбоотой юм. Бас нэгэн судалгаагаар шар сүүний уураг – Whey protein нэмэлтээр хэрэглэснээр батгыг улам ихэсгэж байна гэж судалжээ.

Гэхдээ сүү сүүн бүтээгдэхүүн нь эрүүл хооллолт, ялангуяа бат бөх яс, Д аминдэмийн түвшнийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг санах нь чухал юм. Иймд сүү сүүн бүтээгдэхүүнийг тэнцвэртэй байдлаар хэрэглэх нь зүйтэй бөгөөд хоол хүнснээс бүр мөсөн хасах хэрэгтэй гэж зөвлөдөггүй.

Энгийн батга өвчний үед хэрхэн хооллолтыг зохицуулах талаар арьсны эмчээс зөвлөгөө аваарай. Хэт хатуу дэглэм нь таныг ядрааж цаашид идэх хүслийг улам ихэсгэж болох учраас тэнцвэртэй хооллох нь эрүүл хооллолтын үндэс гэдгийг мартаж болохгүй шүү.

Эх сурвалжWebMD

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

67LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
3FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан