Маск зүүх нь корона вирусийн тархалтыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч маск нь батга гарах, арьс хуурайших, загатнах, тууралт гарах зэрэг асуудал үүсгэж болно. Эдгээрээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Өдөр бүр нүүрээ цэвэрлэж, чийгшүүлэх
Үүнд зөөлөн, үнэргүй угаагчийг сонгож хэрэглэнэ. Хуурай арьстай хүмүүсийн хувьд чийгшүүлэгчийг тогтмол хэрэглэснээр арьсны хамгаалалтын давхаргыг нэмэгдүүлснээр хуурайшилтыг бууруулна. Ингэхдээ нүүрээ угаасны дараа шууд чийгшүүлэгчээ түрхээрэй. Арьсны эмч нар дараах найрлагын аль нэгийг агуулсан чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
- Церамидууд
- Гиалуроны хүчил
- Диметикон (энэ нь хоригийг үүсгэн арьсны цочролыг багасгахад тусалдаг.)
Арьсны төрөлд тохирсон чийгшүүлэгч сонгохоо мартуузай.
- Тослог арьстай бол (эсвэл цаг агаар халуун, чийгтэй үед): Гель хэлбэрийн чийгшүүлэгч
- Ердийн эсвэл холимог арьстай бол: Лосьон хэлбэрийн чийгшүүлэгч
- Хуурай болон хэт хуурайшсан арьсанд: Крем хэлбэрийн чийгшүүлэгч сонгох.
2. Уруулдаа вазелин түрхэж хамгаалаарай
- Нүүрээ угаасны дараа
- Маскаа зүүхээс өмнө
- Унтахынхаа өмнө
Батга гарахаас сэргийлэхийн тулд вазелиныг зөвхөн уруул дээрээ түрхэх хэрэгтэй.
3. Маск зүүх үедээ нүүрээ будахгүй байх
Маскны доор нүүр будах нь арьсны нүх сүвийг бөглөж, батга гаргах эрсдэлтэй. Хэрэв будалт шаардлагатай бол зөвхөн “non-comedogenic”эсвэл “oil free” гэсэн шошготой бүтээгдэхүүнийг хэрэглээрэй.
4. Арьсыг тань цочроож болох арьс арчилгааны шинэ бүтээгдэхүүнийг шинээр хэрэглэж туршихаас зайлсхийх
Арьсны асуудлуудыг багасгахын тулд химийн гуужуулалт, гуужуулагч бүтээгдэхүүнүүд эсвэл ретиноид гэх мэт хүчтэй бүтээгдэхүүн үйлчилгээг анх удаа хийлгэхээс зайлсхийх нь зүйтэй. Жишээ нь: ретиноид /ретинол/ хэрэглэх бол зөвхөн орой хэрэглэх.
5. Хэрэв арьс тань цочирсон бол хэрэглэж буй бүтээгдэхүүнүүдээ багасгах
Өмнө нь хэрэглэдэг байсан бүтээгдэхүүн байсан ч маск зүүснээр арьсыг тань цочроож болно. Хэрэв цочирсон бол дараах бүтээгдэхүүнүүдийг хасах:
- Салицилийн хүчил агуулсан
- Ретиноид
- Сахал хуссаны дараа хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд
6. Зөв маскаа зүүх
Маск сонгохдоо:
- Яг таарсан маск /хэт том холхигносон, эсвэл хэт чанга бариу биш/ нь цочрол үүсэхээс сэргийлж чадна.
- Зөөлөн, байгалийн гаралтай, амьсгалдаг хөвөн даавуугаар хийгдсэн.
- Хэрэв та эмзэг арьстай бол маскны дотор тал нь зөөлөн байх хэрэгтэй.
- Хэрэв батга гардаг эсвэл тослог арьстай бол синтетик, нейлон, полиестр материалаар хийгдсэн маскнаас зайлсхийх. Хөвөн даавуун материал сонгох.
7. 4 цаг тутамд 15 минут маскаа тайлж арьсаа амраах
Тайлахдаа:
- Гадаа бол бусдаас 1.5-2 метр зайтай үед
- Машиндаа ганцаараа байх үед
- Гэртээ
8. Даавуун маскаа угааж хэрэглэх
Хэрэглэсэн бүрийнхээ дараа маскаа угаах. Маск дотор хуримтлагдсан тос, арьсны эсийг угаалгүй дахин хэрэглэснээр бусад арьсны асуудлууд үүсэж болно. Угаахдаа зааврын дагуу үнэргүй, харшил төрүүлдэггүй угаалгын бодис ашиглаарай.
9. Арьсны өвчний эмчилгээ хийлгэж байгаа бол
Хэрэв та энгийн батга болон ягаан батга гэх мэт арьсны өвчний эмчилгээ хийлгэж байгаа бол арьсны эмчийнхээ хяналт дор эмчилгээгээ төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлээрэй.
Маскаа зүүж, гараа угааж, зай барин корона вирусийн халдвараас сэргийлцгээе!