Анхны сарын тэмдэг

Өсвөр насны охидтой ээжүүд болон шилжилтийн насны охид анхаарлаа хандуулаарай.

Үе тэнгийн охидын сарын тэмдэг ирсэн минийх ирдэггүй ээ, миний хөх бусдынхаас удаан, хурдан ургаад байна, миний умдаг болон суганд хэзээ үс ургаж эхлэх бол гээд л охид бүрд догдлол, бусадтай өөрийгөө харьцуулах түүнээс илүүтэйгээр өөрийн биеэ танин мэдэх хүсэл байдаг. Энэ үед хэнд хандахаа мэдэхгүй найзуудаасаа сонссон үлгэр домгийн мэт яриа эсвэл цахим орчноос шүүлтүүргүй мэдээ авах нь бий. Тиймээс та бүхэнд энэ удаад анхны сарын тэмдгийн талаар бяцхан бичвэрээ хүргэж байна.

Сарын тэмдэг гэж юу вэ?

Шилжилтийн насанд охидын биед бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд илэрч АНХНЫ САРЫН ТЭМДЭГ үзэгддэг. Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн болох өндгөвчний үйл ажиллагаа идэвхжиж өндгөн эс боловсруулах бөгөөд энэ үед умайн хөндий зузаарч үр тогтсон өндгөн эс бэхлэгдэж жирэмсэн болоход бэлтгэдэг. Хэрэв үр тогтоогүй (эр эм бэлгийн эс нэгдэх) бол дааврын төвшин буурч умайн хөндийд хуримтлагдсан эд ховхорч үтрээгээр гадагшилдаг. Ихэнх хэсэг нь сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрүүдэд гарах ба цаашид бага багаар долоо хоног хүртэл үргэлжлэх нь бий.

Хэзээ эхлэх вэ?

Ихэнх охидын хувьд анхны сарын тэмдэг 11-14 насанд үзэгддэг бөгөөд хувь хүний онцлогоос шалтгаалан 9-16 насанд үзэгдэж эхлэхийг хэвийн гэж үздэг. Охид огцом өсөж, суганд үс ургаж эхлэх нь сарын тэмдэг удахгүй ирэх нь гэсэн дохио юм. 16 нас хүрсэн ч гэсэн сарын тэмдэг ирэхгүй бол эмчид хандаж эрүүл мэндийн тал дээр асуудал үүссэн эсэхийг шалгуулах хэрэгтэй.

Мөчлөг

Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирэх эхний өдөр хүртэлх хугацааг САРЫН ТЭМДГИЙН МӨЧЛӨГ гэдэг. Мөчлөг нь ихэвчлэн 25-35 хоногийн хугацаатай байх бөгөөд шилжилтийн насанд хэд хэдэн хоногийн зөрөөтэй байх нь бий.

Хэвийн бус сарын тэмдгийн мөчлөг гэдэгт 21 өдрөөс богино, 45 өдрөөс урт байхыг хэлдэг ба анхны сарын тэмдгээс хойш эхний 3 жилийн турш мөчлөг хэвийн бус байх нь элбэг. Охидын сарын тэмдэг хэтэрхий удаан үргэлжлэх, 3 сар ба түүнээс удаа хугацаагаар үзэгдэхгүй байвал эмчид хандаарай.

Охинтойгоо сарын тэмдгийн талаар ярилцах

Шилжилтийн насны охинтойгоо энэ талаар ярилцах нь төвөгтэй хэдий ч ТАНЫ ОХИН биед нь ямар өөрчлөлт гарч байгаа вэ? гэдгийг анхны сарын тэмдэг ирэхээс өмнө мэдсэн байх хэрэгтэй. Дараах зүйлсийг яриандаа багтаагаарай.

  • Сарын тэмдэг гэж юу вэ? Мөчлөг гэж юу вэ?
  • Хэр хэмжээтэй цус гарах, хэдэн өдөр үргэлжлэх вэ?
  • Сарын тэмдэг ирэхийн өмнөх болон ирэх үеийн зовуурь.
  • Ариун цэврийн хэрэгслийн сонголт, хэрэглэх заавар.
  • Гэрээсээ өөр газар байхад сарын тэмдэг ирвэл яах вэ?
  • Сарын тэмдэг ирсэн үед дасгал хөдөлгөөн хийж, сэлж болох эсэх.

Хэрэв таны охин энэ бүхнийг ярихад бэлэн бус мөн тантай энэ талаар ярилцах хүсэлгүй байвал бүү хүчлээрэй, тохиромжтой цагийг хүлээж бусдаас тусламж хүсээрэй.

Шилжилтийн насны охидоо хэрвээ энэ талаар мэдээлэл авахыг хүсвэл ээждээ, эмээдээ, эгчдээ, үеэлдээ хандахаас бүү эмээгээрэй тэд та нартай хэрхэн ярилцах эвээ олохгүй байгаа учраас ярилцаагүй байж мэднэ.

Ариун цэврийн хэрэгслийг хэрэглэх, календарь хөтөлж мөчлөгөө таамаглах, сарын тэмдгийн үеийн өвдөлт, сэтгэл санааны өөрчлөлт зэрэг мэдээллийг дараа дараагийн нийтлэлээс уншаарай.

Амжилт хүсье.

Айл бүр жаргалтай байг.

Анхны сарын тэмдэг – Үргэлжлэл

Холбоотой Мэдээ

Сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Ээжийг Дагах

81LikesLike
5FollowersFollow
0FollowersFollow
4FollowersFollow
0SubscribersSubscribe
spot_img

Их Уншсан