Сүүлийн жилүүдэд гарч буй анагаах ухааны дэвшил нь үрчлээний эсрэг мэсийн бус аргыг санал болгож байна.
Арьс нь коллаген, гиалуроны хүчил, эластин хэмээх гурван бүтцийн ачаар бат бөх бас гөлгөр чанартай байдаг. Эдгээр нь арьсны гадаргуу дор шигүү тор үүсгэн байрлана. Нас ахих тусам энэ тор нь бүрэн бүтэн байдлаа аажмаар алддаг. Энэхүү суурь бүтэц суларснаар арьсны гадаргуу хүүхдийн арьс шиг жигд гөлгөр байдлаа алддаг. Филлер буюу дүүргэгч нь арьсан доор эдийг дүүргэж үрчлээг багасгадаг. Хэрэв та филлер тарилга хийлгэх гэж байгаа бол энэ үйлчилгээг ямар материалаар хийдэг талаар энэхүү нийтлэлээс мэдэж аваарай.
Үхрийн коллаген филлер
Үхрийн арьснаас үхрийн коллагеныг боловсруулж гарган авдаг. Энэ төрлийн коллаген нь бусад эмчилгээтэй адил үр дүнтэй бөгөөд мөн хямд байдаг. Энэ нь харшлын урвал үүсгэж болзошгүй тул харшлын сорил тарилга эхлэхээс өмнө тавьдаг.
Бие махбод нь тарилгын коллагеныг аяндаа задалдаг тул үр дүнг хадгалахын тулд жилд хоёроос дөрвөн удаа коллаген тарилга хийлгэх хэрэгтэй.
Хүний коллаген филлер
Хүний эсийн өсгөврөөр бүтээгдсэн хүний коллаген нь 2002 онд худалдаанд гарсан. Хүний коллаген нь үхрийн коллагентай харьцуулахад харшлын урвалыг эрс багасгасан байдаг тул сорил тавих шаардлагагүй. Энэ нь үхрийн коллагенаас харьцангуй үнэтэй бөгөөд тарилгыг гурваас зургаан сар тутамд давтаж хийх шаардлагатай байдаг.
Гиалуроны хүчил филлер
Гиалуроны хүчил нь арьсны бүтцийн нэг хэсэг юм. Нас ахих тусам хэмжээ нь багасна.
Байгалийн болон нийлэг гиалуроны хүчил бүхий олон төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг ба сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд нь задралд орох хугацаа нь илүү удаан болсон. Үр дүн есөн сар ба түүнээс дээш хугацаанд үргэлжилж болно. Харшлын урвал маш ховор байдаг.
Хэдийгээр филлер нь мэсийн бус арга ч гэсэн гаж нөлөө, хожим үүсэх хүндрэлээс сэргийлж заавал арьс гоо заслын мэргэжлийн эмчээр эмнэлгийн нөхцөлд хийлгэхийг анхааруулж байна.