Эмэгтэй хүний амьдрал тохиолдох хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэгээхэн хэсэг ээж болох бэлтгэлээ хангах үе билээ. Энэ удаад бүсгүйчүүд маань жирэмсний эрт үед буюу 12 долоо хоног хүртэл юуг анхаарах хэрэгтэй талаар мэдээллийг хүргэж байна.
Хяналтад орох
Ирээдүйн ээж та жирэмсний 12 долоо хоногоос өмнө өөрийн харьяа эмнэлэг эмчийн хяналтад орж эрүүл мэндийн тусламж авснаар жирэмсний хугацаанд болон төрсний дараах үедээ өөрийгөө болон хүүхдийнхээ эрүүл мэндийг сахих хамгаалж байна гэсэн үг юм шүү.
Та жирэмсний хэт авианы шинжилгээний бичиг болон бичиг баримтаа аван эмнэлэгт хандаарай.
Эмчийн үзлэгт хамрагдах
Жирэмсний 4-5 долоо хоногтойд ургийн цэврүү эхийн умайн хөндийд харагдах ба 6-7 долоо хоногтойд ургийн зүрхний цохилтыг хэт авианы шинжилгээгээр сонсогдож эхэлдэг. Хэрвээ та 35 ба түүнээс дээш настай, урьд нь жирэмсний эрт үед зулбаж, өсөлтгүй жирэмсэлж байсан эсхүл доош цусархаг ялгадас гарах болон бусад зовуурь илэрч байвал эмчийн хяналтад байх хэрэгтэй. Жирэмсний 9-12 долоо хоногтойд ургийн гажиг тодорхойлох шинжилгээнүүд хийгддэг тул та чухам ямар үзлэг, шинжилгээнд хамрагдах ёстойг эмчээсээ лавлаж асуугаарай.
Амин дэм (витамин)
Шаардлагатай амин дэмийг авна гэдэг нь бүх төрлийн хүнсний нэмэлтийг хэрэглэнэ гэсэн үг биш гэдгийг сайтар ойлгох нь зүйтэй. Жирэмсний бэлдмэлүүд нь жирэмсэн эмэгтэй хүнс тэжээлээрээ зайлшгүй авах ёстой амин дэм, эрдсийг зохистой тунгаар багтаан савласан байдаг. Мөн жирэмсний хугацаатай болон тухайн эмэгтэйн хооллолтын хэв маяг, онцлогуудтай уялдаг амин дэмийн хэрэгцээнд өөрчлөлт гардаг гэдгийг мартуузай. Жишээлбэл Монгол улсын дийлэнх эмэгтэйчүүд Д аминдэмийн дутагдалтай байдаг тул жирэмсний витаминаас гадна нэмэлт тун авах шаардлага тулгарахыг үгүйсгэхгүй.
Татгалзах зүйлс
Бүх л бүсгүйчүүд маань жирэмсний хугацаанд архи согтууруулах ундаанаас татгалзаж, тамхи татахгүй, дам тамхидалтад өртөхгүй байх хэрэгтэй гэдгийг мэдэх байх. Мөн эмчийн зааварчилгаагүйгээр дур мэдэн эм, эмийн бодис хэрэглэх хориотой. Үүнээс гадна гадаад орчны таагүй нөлөөллүүдээс (агаарын бохирдол, хүнд, хортой ажлын нөхцөл гэх мэт) өөрийгөө болон хэвлийдээ буй бяцхан үрээ хамгаалаарай.
Бүү санаа зов
Та эмнэлгийн тусламж үйлчилгээг авч байгаа бол эмчдээ итгэж санаагаа олон зүйлд бүү чилээгээрэй. Сэтгэлийн амар амгаланг мэдэрч, аз жаргалтайгаар жирэмсний 10 сарыг өнгөрөөх нь таны хүүхдийнхээ цаашдын амьдралд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү.