Нүдний тогтмол үзлэг хийлгэх яагаад чухал вэ?
Хүүхдийн биеийн болон сэтгэхүйн хөгжил хэвийн явагдах хамгийн чухал үндэс нь харааны үйл ажиллагаа хэвийн байх явдал юм. Бага насны хүүхдийн нүд тод, тунгалаг дүрсийг тархи руу дамжуулж чадахгүй бол харааны хөгжил зогсож, насанд хүрсний дараа ч засаршгүй сул хараа үүсэх шалтгаан болдог. Хэрэв эцэг эхчүүд нүдний аливаа эмгэгийг эрт илрүүлж, эмчид цаг алдалгүй үзүүлбэл тэдгээр өвчнүүдийн дийлэнх нь эмчлэгдэх боломжтой байдаг.
Хэзээ, хэрхэн урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх хэрэгтэй вэ?
Хүүхдийг дөнгөж төрсний дараагаас тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаар аливаа эмгэгийг эрт илрүүлэх, эмчлэх боломжтой. Урьдчилан сэргийлэх үзлэгийг өрхийн эмч, хүүхдийн эмч хийж болох ба шаардлагатай тохиолдолд нүдний нарийн мэргэжлийн эмч рүү илгээдэг. Америкийн нүд судлалын нийгэмлэг, Америкийн хүүхдийн нүд судлал, хялрын холбооноос хүүхдээ доорх хуваарийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахыг зөвлөж байна.
Шинэ төрсөн нярай. Нүдний эмч, хүүхдийн эмч, өрхийн эмч хүүхэн харааны улаан рефлексийг үнэлэх аргаар хүүхдийн нүд эрүүл эсэхийг шинжилдэг. 32 долоо хоногоос дотогш, 2000 гр-с доош жинтэй , төрөлт, тээлттэй холбоотой бусад эмгэгийн улмаас нүдний эмгэг үүсэх өндөр эрсдэлтэй, нүдний удамшлын эмгэг оношлогдсон асуумжтай шинэ төрсөн нярайг заавал хүүхдийн нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатайг анхаарна уу.
Нялх хүүхэд. Дараагийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 6 сартай, нэг настайд өрхийн эмч, хүүхдийн эмч, нүдний нарийн мэргэжлийн эмчийн аль нэгээр хийлгэнэ.
Сургуулийн өмнөх насны хүүхэд. Гурваас 3 нас хагас хүртэлх хугацаанд хүүхдийн нүд хялар харж буй эсэхийг өрхийн эмч, хүүхдийн эмч, нүдний эмчийн аль нэгээр шалгуулах шаардлагатай.
- Дүрс хэлж мэддэг болсон цагаас харааны чадлыг шалгуулна. Энэ насны ихэнх хүүхдүүд гиперметропи буюу ойрын хараа муу боловч холд тодорхой зайд тод харж чаддаг. Харааны чадал насандаа тохирсон бол шил зүүх шаардлагагүй байдаг. Шил зүүх эсэхийг нүдний эмчтэй зөвлөж шийднэ.
- Хэрэв 2 нүд ижил биш харагдах (хялар харах), нэг нүдээрээ голчлон харж байгаа мэт санагдах (амблиопи-залхуу нүд), харааны чадал насандаа тохирохгүй муу байх үед нүдний нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ. Аль болох эрт оношлуулж, эмчлэгдэх тусам үр дүн илүү байдгийг анхаарч, хойшлуулалгүй эмчид үзүүлэх хэрэгтэй.
- Үсэг, дүрс хэлж мэдэхгүй ч нүдний үзлэгт заавал хамрагдах хэрэгтэй.
Сургуулийн насны хүүхэд. Сургуульд орохоос өмнө, эсвэл нүдний ямар нэг зовуурь үүссэн даруйд нүдний эмчид үзүүлэх шаардлагатай. Миопи буюу холын хараа муу байх нь түгээмэл бөгөөд хасах шил зүүж харааны чадлыг сайжруулдаг. Харааны чадал хэвийн байлаа ч цаашид 6 сараас нэг жил тутамд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.
- Эцэг эхчүүд хэрэв боломжтой бол өөрсдийн гэр бүлийн удамшлын өвчний талаарх мэдээллийг цуглуулж, хараа муутай, хялар хардаг, амблиопитай хүн байдаг бол хүүхдээ үзлэгт тогтмол хамруулах хэрэгтэй. Хэрэв эдгээрийг бага насны хүүхдэд эмчлэхгүй бол нэг нүдэнд байнгын хараа алдагдахад хүргэдэг.
- Ямар шинж тэмдэг илэрвэл нүдний эмчид үзүүлэх шаардлагатайг мэддэг байх хэрэгтэй. Жишээлбэл, нүд өвдөх, толгой өвдөх, унших бичих үед нүд ядрах, хялар харах, хүүхэн хараа цагаан цайвар өнгөтэй харагдах үед цаг алдалгүй нүдний эмчид үзүүлээрэй.
- Спортоор хичээллэх үед зориулалтын хамгаалалтын шил зүүлгэж хэвших. Монгол судлаачдын хийсэн судалгаагаар нэг нүдний хараа алдалтын гол шалтгаан нүдний гэмтэл байна.