Нүүр Амаржихуй Жирэмслэлт Ирээдүйн ээжүүдээ нөхөртөө уншиж өгөөрэй – Та аав болоход бэлэн үү?

Ирээдүйн ээжүүдээ нөхөртөө уншиж өгөөрэй – Та аав болоход бэлэн үү?

0

Идмээр байна

Хүүш хайраа сэрээрэй гэж шөнийн 3 цаг болж байна л даа гэхдээ л би торт идмээр байна гэж жирэмсэн эхнэр тань сэрээвэл бүү гайхаарай. Эмзэг энхрийхэн эхнэр тань хэвлийдээ амьдрал урлаж байгаа болохоор амттан шимтэн зооглох хүсэл аяндаа л төрч байгаа шүү. Унтаж амраая даа гэж хэдий бодсон ч санаснаар дарагдахгүй хүсэл тул яалтай билээ. Торт гэсэн бол шоколад, чихэр жимс гээд бүгдийн аваад ирээрэй хором мөчөөр ч өөрчлөгдөж магадгүй гэдгийн санаарай залуу минь.

Таргалчихлаа

Жирэмсний хугацаанд эмэгтэйчүүд 7-15кг түүнээс ч илүүгээр жин нэмэх хандлагатай байдаг. Сэтгэл санаа тогтворгүйг хэлэх үү? Урьдын сайхан бүсгүй биш боллоо гэж гутрах магадлал өндөр тул дэргэд нь байж дэмжээрэй. Яаж вэ? Гэж үү их амархан, өдөр болгон дахин шинээр дурлаж байгаагаа бяцхан хүүхдээ хэвлийдээ бойжуулж байгаад нь хэмжээлшгүй ихээр талархаж байгаа сэтгэлээ үгээр бас үйлдлээр илэрхийлээрэй.

Ядраад байна

Дасан зохицлын өөрчлөлт, дааврын өөрчлөлт гээд бишгүй зүйлтэй нүүр тулгарч байгаа айлын жаахан охин ядралгүй л яах вэ дээ? Төрсөн гэрээ санана, чөлөөтэй гүйж бүжиглэхийг хүснэ гэхдээ л удахгүй ээж болно гэсэн хүсэл нь түүнийг хамгаас аз жаргалтай болгож бүгдийг даван туулах эрч хүчээр цэнэглэж байгаа. Ирээдүйн аав та хүнсээ цуглуулахдаа цуг явж, амралтын өдрөөр гэрээ цэвэрлэж, гарын хоолоо хийж өгч, хааяа ч гэсэн хавдсан хөл, эцсэн нурууг барьж өгснөөр түүнд хязгааргүй эрчим хүчийг өгдөг гэдгээ мэдэх үү?

Шээлээ

Бяцхан үр тань ээжийнхээ давсгийг тас тэвэрчихсэн хэвтэж байгаа гээд боддоо өхөөрдөм биш гэж үү? Томрох тусам гар нь улам хүчтэй болно, эхнэр тань ч угаалгын өрөө хэрэглэх давтамж нь нэмэгдэнэ. Түгжрэлтэй үед тэсээд л дугуй яваад байж магадгүй тул та нээх хөөрхөн “Хайраа шээх үү” гээд асуугаад үзээрэй “За хайраа” гээд л бөөн баяр болно доо.

Дэр

Баруун зүүн тийш эргэж хөрвөөхөд хүртэл хэцүү байна гээд боддоо. Жирэмсний сүүлийн хэдэн сар бол доошоо байтгүй дээшээ харж ч унтахад хэцүү шүү дээ. Хүзүүн доор, нурууных араар бас хөлөө сойж хэвтэх дэрийг нь ивээд өгөөрэй санаачлагчтай сэргэлэн залуу минь. Бас өөртөө шинэхэн массажист гэсэн нэр өгвөл бүүр сайн байна. Чилээд байгаа хэсэгт нь халуун гараараа, чин сэтгэлээрээ илээд өгөхөд яах вэ дээ?

Хамгийн гол нь

Өглөө бүр үнсээрээ, өдөр бүр эрхлүүлээрэй. Цаадуул чинь энэ үе дээрээ ааш гэж бас ална шүү дээ. Тиймээс ямар ч үед ганхалгүйгээр бат суурьтай хажууд зогсож, гэр бүлийнхээ төлөө хэзээд бэлэн гэдгээ батлан харуулж хайртай гэдгээ хэлж халуун дулаанаар тэврээрэй.

СЭТГЭГДЭЛ АЛГА

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Нэрээ оруулна уу

Exit mobile version